Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарь 5-р сарын 20-нд тодорхой болно 

ЭЕШ-ийн бүртгэлийн хугацаа 5-р сарын 5-ны 18 цагт дууслаа.  Бүртгэлийн хугацааг ахин сунгахгүй, нэмэлт бүртгэл явуулахгүй юм байна. Харин шалгалтад хамрагдаж байгаа хүүхдүүд хувийн мэдээллээ алдаатай, буруу оруулсан тохиолдолд боловсролын үнэлгээний газарт өргөдөл гарган засуулах боломжтой юм байна. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 40.000 орчим хүүхэд хамрагдах тооцоололтой байсан ч 5-р сарын 5-ны 12 цагийн байдлаар 42.000 гаруй элсэгч бүртгэлийн системд хувийн мэдээллээ оруулсан байна. 39.544 нь бүртгэлийн системд хувийн мэдээлэл болон шалгалт өгөх хичээлээ сонгон оруулснаар бүртгэл нь бүрэн баталгаажжээ. Харин 2000 гаруй элсэгч хувийн мэдээллээ оруулсан ч хичээл сонголтоо хийж бүртгэлээ баталгаажуулаагүй байна. Бүртгэл нь баталгаажсан элсэгчийн 35.171 нь энэ жил  ерөнхий боловсролын сургуулиа төгсөх сурагчид байгаа бол 4373 нь өнгөрсөн жил төгсөгчид байна. Харин энэ жил сургуулиа төгсөх 600 гаруй хүүхэд шалгалтдаа бүртгүүлээгүй байгаа юм байна. Хичээл сонголтын хувьд эдгээр элсэгчийн 85 орчим хувь нь математик, нийгмийн ухаан, англи хэлний хичээл сонгосон бол үлдсэн хувь нь газар зүй, орос хэлний хичээл сонгожээ. Элсэгчдийн хувьд өнгөрсөн жилүүдэд 10 болон түүнээс дээш хичээл сонгож, аль өндөр оноо авсан шалгалтаасаа хамаарч мэргэжил, сургуулиа сонгож байгаа нь ажиглагддаг байжээ. Харин энэ жил элсэгчдийн дийлэнх нь 3-4 хичээл сонгосон байна. Энэ нь хүүхдүүд мэргэжилээ сайтар төлөвлөж байгаа нь харагдаж байгаа талаар хэлж байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд хөл хорионы улмаас ЕБС-ийн сурагчдын танхимын хичээл урт хугацаанд тасалдсан. Үүнээс улбаалан энэ жилийн ЭЕШ-ийн сэдэв төлөвлөлтийн хүрээнд тухайн шалгалтын даалгавар нууцлалтай ч агуулгыг тодорхой гаргаж өгсөн байна. Ингэснээр элсэгчид тодорхой агуулгын хүрээнд шалгалтдаа бэлдэх юм боломжтой гэлээ. Элсэлтийн ерөнхий шалгалт 7-р сарын 1-ээс 7-р сарын 4-ны хооронд халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд баримтлуулан зохион байгуулагдах юм байна. Харин шалгалтын суудлын хуваарийг 5-р сарын 20-нд тодорхой болгож, нийтэд зарлах юм байна. Элсэгчид шалгалтад оролцохоор очихдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд сургуулийн гэрчилгээ, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй дүйцэх бичиг баримттай ирэх шаардлагатай юм байна. Иймээс эдгээр бичиг баримтаа хаяж гээгдүүлэхгүй байхыг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Түүнчлэн help.eec.mn вэб хуудсаар дамжуулан элсэлтийн ерөнхий шалгалтад хэрэгтэй бүх мэдээллээ авах боломжтой.