Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хэсгийн хороодыг бүрэн камержуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 09-ний өдөр авахаар товлон зарласан. Тэгвэл энэ жил анх удаа сонгуулийн санал авах хэсгийн хороодыг камержуулахаар болсон. Энэ удаагийн сонгуулийн нэг гол онцлог нь бүх хэсгийн хороодод хяналтын тооллогыг гар аргаар хийх юм. 2020 онд батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар санал авах байрын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байруудад хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байрт хяналтын камер байрлуулна хэмээн заажээ.

Энэ жил анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах нийт 2087 хэсгийн хорооны байрт хяналтын камер байрлуулахаар болжээ. Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор энэ жил санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудсыг гараар нэг бүрчлэн тоолох хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон.  Хяналтын тооллогын үйл ажиллагааг камерт буулгах юм байна. Түүнчлэн сонгуулийн хэсгийн хороо бэлтгэл ажлаа хангах, санал авах, дүн гаргах бүхий л үйл ажиллагааг хяналтын камераар бүрэн баримтжуулахаар болжээ. Мөн хэсгийн хороодод хяналтын камерыг суурилуулахдаа сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулна гэж СЕХ-оос мэдээллээ.