Б.Энхболд: 984 амьсгалын аппаратыг нийслэл, орон нутгийн ЭМТ-үүдэд хуваарилсан бөгөөд аппарат хүрэлцээтэй байгаа

Манай улсад сүүлийн 3 долоо хоногийн турш “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол өдөрт 1000 давж, нас баралт тогтмол бүртгэгдэх болсон. “КОВИД-19”-ийн халдвараар хүнд өвчилсөн иргэдийн эмчилгээнд уушги дэмжиж, амьсгал орлуулах амьсгалын аппаратыг хэрэглэж байна. Гэтэл амьсгалын аппаратны хүрэлцээ муу байгаагаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн биеийн байдал хүндэрч байна гэж иргэд үзэн амьсгалын аппаратны тоог нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байна. Харин мэргэжилтнүүд амьсгалын аппарат улсын хэмжээнд хүрэлцээтэй байгаа гэж хэлж байна. “КОВИД-19”-ийн халдвараар өвчилсөн 4800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд болон маш хүнд 616 хүн байна. Тэдгээр хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд орсон тохиолдолд эрчимт эмчилгээний эмч нар амьсгалын аппаратыг хэрэглэдэг. Өвчтөний цагаан хоолойд гуурс тавьж, гуурсаа аппараттай холбож амьсгал дэмжиж өвчтөний амьсгалыг зохиомлоор удирддаг юм байна. 

Иргэдийн хувьд амьсгалын аппарат хүрэлцээгүй байгаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн биеийн байдал хүндэрч байгаагийн нэг шалтгаан. Тиймээс амьсгалын аппаратаа цаашид нэмэгдүүлэх хэрэгтэйг хэлж байна. Харин эрүүл мэндийн сайд манай улсад 984 амьсгалын аппарат байгаагаас 137 нь зөөврийнх. Амьсгалын аппаратыг нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүд болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хуваарилсан, амьсгалын аппарат хүрэлцээтэй байгаа гэлээ Одоогоос сарын өмнө манай улс 889 амьсгалын аппараттай байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд амьсгалын аппаратыг нэмэлтээр худалдан авч байгаа гэсэн юм.