Улсын хэмжээнд нийт хүн амын 77 хувь нь “КОВИД-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд, 30 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн тухайд 18-аас дээш насны вакцинд хамрагдах иргэдийн 94 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагджээ. Харин сүүлийн өдрүүдэд нийслэлд дархлаажуулалтын цэгүүд ачаалал багатай байгааг эмч нар хэлж байна. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 49 цэг ажиллаж байна. Хан-уул дүүргийн 60 дугаар сургууль дээр 65 аас дээш насны иргэдийг Спутник вакцинд хамруулж байгаа бөгөөд 12 цагийн үед тухайн цэгт 20 хүн вакцинд хамрагдсан, хүнгүй байлаа.
52 дугаар сургууль дээр байрлаж байгаа Астразенека вакцины давтан тунгийн цэг болон Вироселл вакцины цэг ачаалал багатай байна. Энэ сарын зургааны байдлаар улсын хэмжээнд ахмад настны 88 хувь нь дархлаажуулалтдаа хамрагдаад байна. Өнгөрсөн 7 хоногт нийслэлд 65 аас дээш насныхныг Спутник вакцинд хамруулж эхэлсэн. Спутник вакцины цэгүүд ачаалал ихтэй байсан бол зарим ахмад настнууд Спутник вакцинаас татгалзаж, ДЭМБ зөвшөөрөл олгосон учраас Вироселл вакцин хийлгэхээр явж байгаагаа хуваалцлаа. Вакцины 2 тундаа хамрагдсаны дараа 14 хоногт дархлаа бүрэн тогтоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тйимээс иргэд вакцинд хамрагдсан ч амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг ЭМЯ-аас анхаарууллаа.