Цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засгийн өсөлт буурсан. Ийм цаг үед манай улсын гадаад өрийн эргэн төлөлт улсын төсөвт дарамт учруулж болзошгүй байгаа юм. Монгол Улсын засгийн газар 2012 оноос хойш Евро, Дим сам, Мазаалай, Чингис, Гэрэгэ, Самурай, Хуралдай, Номад гэсэн нийт найман бонд гаргаж гадаад зах зээлд арилжсан байна. Үүнээс одоогоор 5 бондын төлөлт үргэлжилж байгаа юм байна. 2022 он хүртэл Чингис бонд, 2023 он хүртэл Самурай, Гэрэгэ бонд, 2024 он хүртэл Хуралдай бонд, 2025 он хүртэл Номад бондын өрийг төлнө. Засгийн газар 2017 онд Хуралдай, Гэрэгэ гэсэн 2 бонд гаргаж 2012 онд гаргасан Евро, 2015 онд гаргасан Дим сам бондын өрийг дарж байжээ. Харин энэ онд төлөх хуваарьтай байсан 10.9 хувийн хүүтэй мазаалай бондыг төлөхийн тулд засгийн газар хамгийн сүүлд буюу 2020 оны 9-р сард 5.1 хувийн хүүтэй Номад бондыг гаргаад байгаа юм. Манай улсын гадаад өр өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих, өмнөх бондын төлөлтийг шинэ бонд гаргаж төлөх замаар үргэлжилсээр байна. Монгол Улсын засгийн газраас 2020 онд 5.1 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай Номад шинэ бондыг олон улсын зах зээл дээр гаргаж Мазаалай бондын өрийг төлж дуусгасан.
Мөн 2022 онд эргэн төлөгдөх Чингис бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн. Ингэснээр “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудын хүүд жилд 176.4 сая доллар төлөх болж, нэг жилд гадаад бондуудын төлөлтөөс 70 орчим тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм байна. 2017 онд 30 тэрбум иений Хуралдай бонд гаргаж арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй Японы үнэт цаасны зах зээлд арилжсан. 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл хагас жил тутам хүү төлж байгаа бөгөөд хагас жилд 26 сая 250 мянган доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлж байна. Тус бондоор 2012 онд гаргасан Евро бондын өрийг дарсан. Мөн 2017 онд гаргасан 800 сая долларын Гэрэгэ бондыг Дим сам бондын өрийг төлөх зорилгоор 5.5 жилийн хугацаатай, 5.625 хувийн хүүтэй арилжаалсан. 2023 онд эргэн төлнө. Харин Гэрэгэ бондоор дарсан Дим сам бондыг 2015 онд хугацаа нь дууссан засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх зорилгоор гаргаж байжээ. Засгийн газрын үнэт цаас, гадаад зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлнө гэсэн өрийн удирдлагын баримт бичгийн дагуу ажиллаж байгаа тухай сангийн яам мэдээлж байгаа. Гэсэн ч манай улсын гадаад өр хэзээ дуусах нь тодорхойгүй. Өмнөх бондын өрийг шинэ бонд гаргаж дарах замаар үргэлжилсээр байгаа юм.