“Ковид-19”-ийн халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүсийн дунд эсрэг биеийн шинжилгээ өгч, дархлаа тогтсон эсэхээ мэдэх шаардлагатай гэсэн ташаа ойлголт нэлээдгүй байгаа юм. Тиймээс ч тус шинжилгээг хувийн эмнэлгүүдэд 40-50 мянган төгрөгөөр өгч, эсрэг бие илрээгүй тул хэсэг хугацааны дараа давтан шинжилгээ өгсөн хүмүүс олон байна. Харин мэргэжилтнүүдийн зүгээс “Эсрэг биеийн шинжилгээ хийлгэх нь хэдий хугацаанд эсрэг бие хадгалагдах вэ гэдгийг мэдэж чадахгүй учраас ямар ч хэрэгцээгүй зүйл” гэдгийг хэлж байна. Эсрэг бие гэдэг нь хүний биед үүссэн дархлааны уураг юм. Эсрэг биеийн шинжилгээгээр хүний биед үүссэн дархлааны уургийн зөвхөн тодорхой хэсгийг илрүүлдэг байна. Шинжилгээнд хэрэглэж байгаа оношлуураас хамаараад шинжилгээний хариу огт эсрэг бие үүсээгүй байна гэж гарах тохиолдлууд ч байна. Вакцин бүрийн хүний биед өөр өөр эсрэг бие үүсгэдэг. Ингэж тогтсон дархлааг хэр зэрэг дархлаа тогтсон байна гэдгийг шинжлэх арга, оношлуур өөр хоорондоо ялгаатай. Өөрөөр хэлбэл Спутник, Астразенека вакцин тариулсан хүн, өвчлөөд эдгэсэн болон Вироселл вакцин хийлгэсэн хүн эсрэг бие илрүүлэх оношлуураар шинжилгээ өгвөл дархлаа огт тогтоогүй эсвэл тогтсон ч гэж гарах магадлалтай юм. АШУҮИС-ийн дархлаа судлалын тэнхимийн багш эрдэмтэд өвчлөөд эдгэсэн хүмүүсийн биед эсрэг бие хэдий хугацаанд хадгалагдаж байгаа болон вакцинаар тогтсон дархлаа хэр хугацаанд хамгаалж байгаа зэргийг судалж байгаа юм. Энэхүү судалгааны үр дүн хэрхэн гарах цаашид хэдий хугацааны давтамжтай “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцинд хамрагдах зэргийг судалж байна. Энэ асуултын хариултыг одоогоор дэлхий дахинд ч эцэслэн шийдвэрлэж амжаагүй байгаа нь иргэд бид нэг талын мэдээлэл итгэж болох эсэх асуулт болон үлдэж байгаа юм.