Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх 100 төсөл, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ

“Ковид-19”-ийн халдвартай жил гаруйн хугацаанд тэмцэж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх зорилго тавьсан манай улсын хувьд цар тахлын дараа хэрхэх вэ? гэсэн асуулт олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл засгийн газраас цар тахлын дараах эдийн засгаа сэргээх 100 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнд,

- Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн гэх мэт эдийн засгийн хүрээг тэлэх 50 төсөл

-Боловсрол, эрүүл  мэнд, хот байгуулалт зэрэг амьдралын чанарыг дээшлүүлэх 25 төсөл

-Төсөв санхүүгийн, засаглалын реформ гэх мэт засаглалыг сайжруулах шинэчлэл хийхэд 25 төсөл хэрэгжүүлнэ гэж үндэсний хөгжлийн газраас төслийг боловсруулсан.

Харин дээрх төлөвлөгөөг 2021-2050 он хүртэл 3 үе шаттай зохион байгуулна. Мөн хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ. Хэдийгээр хөл хорио тогтоож, бизнесүүдээ хааснаар өвчлөлийн хэмжээ буурдаг ч нөгөө талаас цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлт саарч, 5.3 хувь агшсан. Тиймээс засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд 100 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Тавантолгой нүүрсний баяжуулах үйлдвэрийн төсөл, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам, Ханги-Мандал чиглэлийн төмөр зам, залуус 1, 2, 3 орон сууцны хороолол, цахилгаан станцын төсөл зэрэг эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн төсөл, шинэчлэлийн арга хэмжээг төлөвлөжээ. Дээрх төсөл арга хэмжээг 3 үе шаттайгаар 2050 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.