Энэ оны 2-р сарын 1-ний өдрийн байдлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2.159.203 сонгогч бүртгэгдсэн байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудсанд 4-р сарын 1-ээс сонгуулийн дуусах өдөр хүртэл байршуулна. Учир нь “нэг өрхийн хаяг дээр 30-40 хүн бүртгэлтэй байна”, “манай хаяг дээр ийм олон хүн амьдардаггүй” гэх гомдол ээлжит сонгуулиудаар яригддаг. Мөн орон нутагт сонгууль өгөх зорилгоор шилжин ирсэн “царцааны нүүдэл” гэх ойлголт иргэдийн дунд ч байдаг. Тэгвэл уг ойлголтыг таслан зогсоох, шийдвэрлэх зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй иргэд танилцах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл энэ жилээс эхлэн иргэд burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан иргэд өөрийн хаяг дээрх сонгогчдын нэрийн жагсаалтыг хянах юм байна.
Хэрэв сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн, тухайн хаягт амьдардаггүй хүн бүртгэгдсэн тохиолдолд өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргах хуулийн зохицуулалттай.