Цар тахлын улмаас хүнд байдалд орсон ААН, иргэдэд нэг удаа эдийн засгийн өршөөл үзүүлбэл эдийн засаг сэргэхэд нөлөөлнө гэлээ

Манай улс олон удаагийн хөл хорио тогтоож, цар тахалтай тэмцсэн улс орнуудын нэгт тооцогдож байна. Үүнийг зарим эдийн засагчид эрүүл мэндээ хэт чухалчилж, эдийн засгаа орхигдуулсан гэж үзэж байгаа юм. Цар тахлын нөлөөгөөр үүссэн хямралын улмаас аялал жуулчлал, зочид буудал, барилга, боловсрол, тээвэр, худалдаа зэрэг салбарын 548 мянган ажлын байр үгүй болжээ. Мөн татварын мэдээллээс харахад 27.000 аж ахуйн нэгж хаалгаа барьж, энэ оны 3 сарын байдлаар 21.000 аж ахуйн нэгж нийт 120 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын өртэй болсон байна. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 ажилтантай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгаа юм. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оноос 5,3 хувиар буурсан нь манай улсад 1990 оноос хойш бий болсон эдийн засгийн хамгийн том уналт гэж МҮХАҮТ-аас мэдээлж байна. Тиймээс тэд нийгэм эдийн засаг, бизнесийн орчинд дахь хямралыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа сэргээх санаачилгыг дэвшүүлж байгаа юм байна.

Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал, хууль эрхзүй дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн үзүүлэлтүүдээр судлахад Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ дунд гэж үнэлэгдсэн байна. Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогчдын 50-аас дээш хувь нь татвар, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай гэж хариулсан байна.

Түүнчлэн Монгол банкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд ангилал буурсан “Муу зээлдэгч” ААН 8 мянга, иргэн 300 мянга болжээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд эргэн хөл дээрээ босох боломжгүй нөхцөлийг үүсгэж байна гэж МҮХАҮТ-аас үзэж байна. Өөрсдөөс шалтгаалаагүй зээлийн зэрэглэл нь буурсан ААН-үүдэд нэг удаа өршөөл үзүүлж Монгол банкны мэдээллийн санд дахь муу зээлдэгч нарын ангиллыг сайжруулах, татварын өр төлбөр алданги торгуулиас чөлөөлөх, зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх,  НӨАТ-хувь хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээ авах санаачилгыг гаргаад байна.

Манай улсын ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын үйлчилгээний салбарууд хямралд илүү ихээр нэрвэгдээд байна. Дэлхий нийтээр аялал жуулчлалын салбар хямралд ороод байгаа ч зарим улс орнууд ирсэн жуулчдыг вакцинд үнэгүй хамруулна гэх зэргээр аялал жуулчлалаа сэргээх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагаа зарлаад байгаа юм.