ОХУ-ын Казань хотын дунд сургуульд халдлага үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

ОХУ-ын бүгд найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотын Жаудата Файзи гудамжинд байрладаг 175-р дунд сургуульд 19 настай залуу гал нээсний улмаас 9 хүн амиа алдсан хэрэг гарсан юм. Амиа алдагсдын долоо нь хүүхэд, нэг нь багш, сургуулийн нэг ажилтан байсан бол 21 хүн шархдаж, 8 хүний биеийн байдал хүнд байгаа талаар ОХУ-ын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тус халдлагыг үйлдсэн Ильназ Галявиев-ыг саатуулаад байгаа бөгөөд олон хүний аминд хүрсэн хэргээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Халдлагыг үйлдсэн этгээд тус сургуулийн төгсөгч, байсан бөгөөд тэрбээр дөрвөн жилийн өмнө энэ сургуулийг төгссөн байна. Гэмт этгээд халдлага үйлдэхээсээ өмнө цахим хуудасны телеграм сүлжээнд “Олон хүн хороож, дараа нь амиа хорлоно” гэж бичсэн байжээ. Чимээгүй, хэнд ч саад болдоггүй оюутан байсан тэрбээр яагаад халдлага үйлдэх болсныг тодруулахаар ажиллаж, сэтгэлзүй болон сэтгэл мэдрэлийн цогц үзлэгт хамруулна гэж ОХУ-ын Боловсролын яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Харин 5-р сарын 12-ны өдрийг ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсад гашуудлын өдөр болгон зарлаж, боловсролын байгууллагын бүх үйл ажиллагааг нутгийн удирдлагууд зогсоосон байна. Казань хотын сургуульд болсон үйл явдлын дараа ерөнхийлөгч Владимир Путин галт зэвсэг эзэмших журмыг шинэчлэх асуудлыг яаралтай боловсруулж өгөхийг тушаажээ. Түүнчлэн эрх баригчдын зүгээс нийгмийн сүлжээнд нэр нууцлах болон компьютер тоглоомуудыг хязгаарлах журмыг чангатгах санал гаргасан байна.