Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас шалтгаалан бага насны хүүхдийн амь эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Хүүхдүүд хөдөлгөөн эхлэх гэж байгаа машины урд, хойгуур гүйх, доор нь орж нуугдаж тоглох зэрэг тохиолдлууд гарч байгааг албаныхан хэлж байна. Тиймээс жолооч эргэн тойрноо шалгаж, аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа авто машины хөдөлгөөнөө эхлүүлж байхыг анхааруулж байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн осол хэргийн улмаас, 1 нас 4 сартайгаас 15 хүртэлх насны нийт 9 хүүхдийн амь хохирчээ. Үүний гурван тохиолдол Нийслэлд, зургаа нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослоос шалтгаалан амиа алдсан хүүхдүүдийн ихэнх хувь нь нийтийн хэрэгцээний авто зам дээр бус зэргэлдээх талбай, гудамжинд мөргүүлэх хэлбэрээр амиа алджээ.
Урин дулаан цаг ирж хүүхдүүд гэрийнхээ ойролцоо тоглоомын талбай, машины зогсоол, замын зэргэлдээх талбай, хашааны гаднах гудамжинд тоглох нь нэмэгдэж байна. Тэгвэл жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ машинаа заавал тойрч, доор нь хүүхэд, амьтан байгаа эсэхийг шалгаж байх нь чухал байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ гэрийнхээ ойр орчимд тоглуулахдаа байнгын сонор сэрэмж, хараа хяналттай байж цаашлаад аюулгүй байдлаа хангах талаар сайтар ойлгуулах нь чухал юм.