Эрхийг цэргийн хүчин булаан авч төрийн эргэлт хийсэн явдлыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд өчигдөр гэхэд л цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал болж, 5 хүн амиа алджээ. Цэргийн засаглалыг эсэргүүцсэн жагсаал улс орон даяар үргэлжилсээр байгаа ч цэргийн хүчин нөхцөл байдлыг хүндрүүлсэн алхмуудыг авч хэрэгжүүлсээр байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Зүүн Өмнөд Азийн орнуудын тэргүүн нар Асеанын уулзалтын үеэр Мьянмар улс дахь нийгмийн хурцадмал байдал болон эдийн засгийн хямралыг зогсоох төлөвлөгөөний талаар тус улсын цэргийн генерал Мин Аунг Хлайнтай тохиролцож байсан юм. Ингэснээр тус улс дахь хүчирхийллийг зогсоож, талуудын хооронд цогц хэлэлцээ хийх, хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх Асеан-ын тусгай элчийг томилох, тусламж хүлээн авах, элчийг Мьянмар руу нэвтрүүлэх гэсэн таван заалтаар тохиролцоонд хүрсэн ч Мьянмар улсад нөхцөл байдал тогтворжихгүй хэвээр байна. Хамгийн сүүлд Мьянмарын баруун хэсэгт байх чин мужид цэргийнхэн болон ард иргэд, зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд ширүүн тулаан мөргөлдөөн өрнөж байгаа бөгөөд Ройтерс агентлагийн мэдээлснээр, БНЭУ-тай хил залгаа Миндат хотод 20 орчим мянган хүн бүслэлтэд оржээ. Уг мужид үүссэн нөхцөл байдлыг нутгийн иргэд "дайны байдал" гэж нэрлэсэн бөгөөд тус муж дахь хоол хүнсний нөөц багассан ч цэргийн алба хаагчид мужийн орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна гэж мэдэгдсэн байна. 3 сар гаруйн хугацаанд 800 орчим хүн амиа алдсан ч эсэргүүцлийн арга хэмжээ Янгон, Миндат зэрэг хотуудад өдөр бүр зохион байгуулагдаж, олон мянган хүн орон даяарх ажил хаялтад нэгдсээр байгаа юм. Олон улсын зүгээс Мьянмарын цэргийн хүчнийг хүчирхийллээ зогсоож, улс орныг ардчилсан голдиролд нь эргүүлэн оруулахыг нэг бус удаа уриалж, 200 орчим төрийн бус байгууллага нэгдэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлд хандаж Мьянмар руу зэвсэг нийлүүлэхэд хориг тавихыг уриалсан ч энэ санаачилгыг ОХУ, БНХАУ дэмжээгүй байна. Цэргийн эргэлт, эсэргүүцэл болон “Ковид-19”-ийн цар тахлын улмаас Мьянмарын эдийн засгийн нөхцөл байдал эрс дордож, ирэх 2022 оноос эхлэн тус улсын хүн амын тал хувь нь нэн ядуу болж, улсынх нь хөгжил 16 жилээр хойшилно гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шинжээчид тооцоолсон байгаа юм.