СЭМҮТ-д хандаж байгаа хүүхдүүдийн 30 хувь нь дэлгэцийн донтолттой байна

Тэгвэл манай улсын хувьд сурагчид 2020-2021 оны хичээлийн жилийн 60 гаруй хувьд цахимаар суралцсан бөгөөд гадагш гарах боломжгүй, ихэнх цагаа зурагт, гар утастайгаа өнгөрүүлсэн. Ингэснээр өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээ ихсэх, дэлгэцийн хамааралтай болох зэрэг сөрөг үр дагавар гарч байгаа юм. Энгийн өдрүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж байгаа хүүхдүүдийн 30 орчим хувь нь дэлгэцийн донтолттой холбоотой зөвлөгөө, үзлэг авдаг тухай мэргэжилтнүүд ярьж байна.  

Гар утас, компьютер, зурагт гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй болсноор өөрийгөө хянах чадвараа алдахыг дэлгэцийн донтолт гэдэг байна. Өдөрт 4-өөс дээш цагаар дэлгэц үздэг бол донтох эрсдэлийн тоонд ордог байна. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд өдөрт дунджаар 8-10 цагийг гар утас, компьютер ашиглаж цахим хичээлээ хийх, сошиал хуудсаа шалгах зэргээр өнгөрөөдөг гэлээ.

2010-2015 оны хооронд СЭМҮТ-ийн донтолтын тасагт жилд 30-40 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 2019 оны байдлаар нийт 200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн судалгаа гарчээ. Дэлгэцийн хэрэглээ хэт ихэссэнээр мэдрэлийн ядаргаанд орж, булчин татваганах, нойрондоо муудах, гар чичрэх зэрэг бие махбодын өөрчлөлт илэрдэг байна. Цаашлаад зан аашинд өөрчлөлт орох, огцом ууртай болох, дуугаа хураах зэрэг сөрөг үр дагавартай байдаг гэдгийг сэтгэл зүйч хэллээ.

АНУ-ын “Хүүхдийн эмнэлт зүйн академи” хүүхдийн насны онцлогоос шалтгаалж харилцан адилгүй хугацаанд дэлгэц ашиглуулах тухай зөвлөмж гаргажээ. Үүнд 1 ой 6 сар хүртэлх хүүхдэд зурагт, гар утсыг огт үзүүлэхгүй, 2-5 насны хүүхдэд өдөрт 1 цаг, 6 ба түүнээс дээш насны хүүхдэд эцэг эхийн хараа хяналттай хэрэглүүлэхийг зөвлөсөн байна.