Одоогоос 10 жилийн дараа буюу 2031 онд Монгол улсын хүн ам 4 саяд хүрэх магадлалтай байна. Тодруулбал үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор дээрх тоон үзүүлэлтийг гаргажээ.
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг мэдээллийн сан болон санамсаргүй, түүврийн аргаар зохион байгуулсан байна. Тооллогоор нийт хүн ам 3.296.866 болсон бөгөөд МУ-ын нутаг дэвсгэр дээр 3.197.020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн тоо 122.301 байжээ. Тэгвэл улсын хэмжээнд нийт өрхийн тоо 897.427-д хүрснээс үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342.409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8.039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ.
Манай улсын нийт хүн амын 56.6 хувь нь 15-59 насных байгаа юм байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны хүн 2.105.000 байгаагаас 1.156.000 хүн л хөдөлмөр эрхэлж байна. Харин сүүлийн 1 жилийн хугацаанд 100 мянган хүн ажилгүй болсон бөгөөд энэ нь албан бус хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс байна. Ажилгүйдлийн шалтгаан нь цар тахлын нөлөөнөөс үүдэлтэй байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай.