Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 3 хувийн хүүтэй 500 тэрбум төгрөгийн зээлийг 3 чиглэлд олгож эхлээд байна

Засгийн газрын эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг 3 чиглэлд олгож эхлээд байна. Зээлийг арилжааны банкны хөрөнгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд 6 банкаар дамжуулан олгож байна.

Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 6-р сарын 30 хүртэл тус зээлийг олгоно. Зээлийн хугацаа 1 жил бол үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 сар.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зээлд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд нэг жилийн хугацаатай.

Малчдыг дэмжих зээлд 200 тэрбум төгрөгийн төсөвлөсөн, 3 жилийн хугацаатай байна. 

Ноолуур бэлтгэл болон газар тариаланг дэмжих зээлийн зориулалт тодорхой. Харин малчдыг дэмжих зээлийг олгох 8 гол чиглэл байгаа юм байна. Тэгвэл малчдад олгох зээлийн тавигдах шаардлагын тухайд үндэсний статистикийн хорооны мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх, банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт оршин суудаг байх, мал аж ахуй эрхлэх туршлагатай байх, бэлэн мөнгөөр борлуулалт хийдэг түүхтэй эсвэл ирээдүйд бэлэн мөнгөөр борлуулалт хийж зээлийг буцаан төлөх бололцоотой байхыг шаардах юм байна. Мөн малаа заавал даатгуулсан байхыг шаардахгүй боловч хэрэв малаа даатгуулсан бол зээл олгоход чухал нөлөөтэй юм байна.