Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хэсгийн хороо бүр брайль саналын хавтастай байна

Манай улсад 11.000 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байгаагаас 10.000 гаруй нь "Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоонд" бүртгэлтэй гишүүд байна. Тэднийг өөрийн биеэр, хараат бусаар сонгуулиа өгөх боломжоор хангахын тулд сүүлийн 6 сонгуулиар холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн 3.7.2.3.т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгуулиа чөлөөтэй өгөх боломж бүрдүүлэх зорилгоор сонгуулийн байрыг хүртээмжтэйгээр тохижуулах; 3.7.2.4.-т сонгуулийн хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэрэгцээнд тохируулж хэвлэх; 3.7.2.5. -т хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгогдох эрхийг хангах хүрээнд улс төрийн намуудын тухай, сонгуулийн тухай хуульд үнэлгээ хийж дүгнэлт гаргах боломжоор хангах ёстой гэж заасан байдаг. Энэ дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгуулиа чөлөөтэй өгөх боломж бүрдүүлэх зорилгоор сонгуулийн байрыг тэргэнцэртэй хүмүүс орох боломжтой байлгах зэргээр хүртээмжтэйгээр тохижуулах ажлуудыг сонгуулийн ерөнхий хороо хийж байна. Тэр дунд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан сонгуулийн ерөнхий хороо хараагүйчүүдийн холбоо хамтран сонгуулийн тухай хууль, тогтоомж зөвлөгөө мэдээллийг нэгтгсэн сонгогчийн номыг томруулсан үсэгтэй болон брайль хэлбэрээр гарган 21 аймаг нийслэлийн алслагдсан 2 дүүрэгт байгаа иргэдэд тарааж  байгаа юм байна. Харин монголын үндэсний хараагүйчүүдийн холбооноос саналаа тэмдэглэх брайль хавтсыг бэлдэж, бүх хэсгийн хороодод хүргэх юм байна. Түүнчлэн, санал авах хэсгийн хороонд ажиллах ажилтнуудыг сонгуулийн ерөнхий хороо болон хараагүйчүүдийн холбооноос сургалт мэдээллээр ханган ажилласан байна. Харааны бэрхшээлтэй иргэд санал хураах хэсгийн хороон дээр өөрийн биеэр очиход зохион байгуулж байгаа ажилтнууд нээлттэй зөвлөж туслах учраас санаа зовж, төвөгшөөх зүйлгүй сонгуульдаа оролцохыг “Монголын үндэсний хараагүйчүүдийн холбооноос” уриалж байлаа.