Хэдийгээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 6-р сарын 9-нд болохоор товлон зарлагдсан ч хилийн чанадад монголчуудын санал хураалтаар сонгууль эхлэх гэж байна. 5-р сарын 30, 31-ний өдрүүдэд хилийн чанадад суугаа 7394 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Хилийн чанад дахь монголчуудын сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Хилийн чанад дахь монголчууд 2012 оны сонгуулиас эхлэн санал өгөх боломжоор хангагдсан. Харин 2017 оны сонгуульд 7209 сонгогч оролцохоор бүртгүүлж, 4767 хүн саналаа өгчээ. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн тулд тухайн улсын байгаа дипломат төлөөлөгчийн газарт 4-р сарын 20-оос 5-р сарын 9-ны хугацаанд өөрийн биеэр очиж бүртгүүлэх хуулийн хугацааг тогтоосон. Улмаар энэ хугацаанд 7000 гаруй хүн сонгуульд саналаа өгөхөөр албан ёсоор бүртгүүлсэн байна. Сонгуулийн санал авах өдөр 5-р сарын 30, 31-ний бямба, ням гарагт орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд 30 улсын 45 дипломат төлөөлөгчийн газарт зохион байгуулагдана. Хилийн чанад дахь монголчуудын сонгуулийн битүүмжилсэн саналын хуудсыг салбар комисс битүүмжилж, дипломат шуудангаар СЕХ-нд шилжүүлнэ. Харин 6-р сарын 9-ны 22:00 цагт санал авах үйл ажиллагаа улсын хэмжээнд дуусмагц тооллого СЕХ-нд үргэлжилнэ.