Манай улс нийт 2 сая 67.000 иргэнээ ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтанд хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл вакцинжуулалтын ажлыг улс даяар явуулж байгаа бөгөөд одоогоор вакцинд хамрагдсан хүний тоог хүн амын тоотой харьцуулсан дүнгээр Өмнөговь аймгийн вакцинжуулалтын ирц хамгийн өндөр буюу вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 108 хувьтай, хоёрдугаар тунгийн хамрагдалт 30 хувьтай байна. Харин Увс аймгийн ирц хамгийн бага буюу вакцинд хамрагдах насны иргэдийн 65.8 хувь нь нэгдүгээр тунд, ердөө 7.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын 55 суурин цэг ажиллалаа. Дархлаажуулалтын цэгүүд 9-өөс 17 цаг хүртэл ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлд өдөрт 16 мянга гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаагаас 2000 орчим нь нэгдүгээр тунд хамрагдаж байна. Хан-уул дүүргийн 17,19 дүгээр хорооны иргэдийг вакцинжуулж байгаа удирдлагын академи дээр байрлах дархлаажуулалтын цэг дээр өдөрт 450 гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаа гэдгийг вакцины цэгийн ахлагч хэллээ. Вакцинд хамрагдаж байгаа иргэдийн дийлэнх нь давтан тундаа хамрагдаж байгаа иргэд байна. Харин өдөрт "Ковид-19"-ийн халдвараар өвчлөөд эдгэсэн, өөр вакцин орж ирэхийг хүлээсэн гэсэн шалтгаантай 10-20 хүн вакцины нэгдүгээр тун хийлгэхээр ирж байгаа юм байна.