Сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжлийг дагаад цахим мэдээллийн орчин ч хурдацтай хөгжиж байна. Энэ нь нэг талаар мэдээллийг хурдан шуурхай хүргэх, хүлээн авах, харилцаа холбоог хялбаршуулах зэрэг сайн талтай ч нөгөө талаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх таатай орчныг бүрдүүлж байна. Залилах гэмт хэргийн улмаас 2019 оноос хойш улсын хэмжээнд нийт 10 мянга гаруй иргэн, хуулийн этгээд хохирчээ. Энэ оны хувьд хөл хорио тогтоосноос шалтгаалж иргэдийн цахим хэрэглээ өссөн бөгөөд үүнийг дагаад цахим залилан хийх тохиолдол 4,4 дахин нэмэгдсэн байна.
Энэ оны эхний 4 сарын байдлаар 1900 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 400 гаруй нь цахим орчинд үйлдэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 25 хувийг эзэлж байгаа юм. Ингэхдээ иргэдийн цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч ойр дотны хүмүүсээс нь мөнгө нэхэх, олны танил хүмүүсийн зураг болон нэрээр цахим хуудас үүсгэж, тухайн хаягаараа дамжуулан хонжворт сугалаа, уралдаан зарлах байдлаар иргэдийг залилах нь их байгааг албаныхан мэдээллээ.
Иргэд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй ханддаггүй, мэдээллийн эх сурвалжийг сайн нягталдаггүйгээс цахим залиланд өртдөг байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуурамч хаягийг танихын тулд тухайн хэрэглэгчийн нэр, нүүр зургийг нягтлах, дундын найзтай эсэхийг шалгах зэргээр хянамгай хандаж байх шаардлагатай байна. Цахим залилан үйлдсэн этгээдэд хохирлын хэмжээ, үйлдсэн байдлаас нь хамаараад торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн зургаан сараас 12 жилийн хугацаанд хорих ял оноодог гэлээ.