Итали улсад агаарын дүүжин тээврийн бүхээг унаж, 14 хүн амиа алджээ

Италийн умард Педмонт мужийн Мажор нуурын ойролцоох уулархаг нутагт жуулчдыг зөөж явсан агаарын дүүжин тээврийн бүхээг троссон замаасаа гарч, газарт унасны улмаас 14 хүн амиа алджээ. Гэрчүүдийн мэдээлснээр, тросон зам тасарсны улмаас агаарын дүүжин тээврийн бүхээг 20 метрийн өндрөөс унаж, уулын уруу өнхөрч явсаар модонд тээглэсэн байдалтай олдсон байна. Түүнчлэн мод мөргөн зогсох хүртлээ гурван удаа хөмөрч өнхөрснөөр зарим зорчигчид бүхээгээс гадагш шидэгдсэн гэдгийг гэрчүүд мэдэгджээ.

Италийн аврах албаны ажилтнууд болон Моттарон уулын аврах багийнхан ослоос амьд гарсан тав болон есөн настай хоёр хүүхдийг нисдэг тэргээр ойролцоох Турин хот дахь эмнэлэгт хүргэсэн ч есөн настай хүүхэд нь шархаа даалгүй амиа алдсан байна. Харин хүнд бэртсэн таван настай хүүхдийг яаралтай хагалгаанд оруулсан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Италийн засгийн газрын зүгээс шалтгааныг олж тогтоох ажлын хэсгийг байгуулсан байна.

Итали улсын засгийн газар агаарын дүүжин тээврийн системийг 2016 онд шинэчилсэн ч “Ковид-19” цар тахлын улмаас 2 жил хаасны эцэст өнгөрөгч 3-р сард нээгээд байсан юм. Тус тээврийн хэрэгслээр Италийн Стреза хотоос Моттарон уулын 1,491 метрийн өндөрт 20 минутад хүрч, байгалийн сайхныг үзэх боломжтой тул жуулчдын сонирхлыг ихэд татдаг байна. Дээд тал нь 40 хүн тээвэрлэх хүчин чадалтай ч тухайн үед чухам хэчнээн хүн зорчиж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ удаагийн осол Итали улсын зам тээвэр, дэд бүтцийн аюулгүй байдалд эргэлзэх эргэлзээг улам нэмэгдүүлж байгаа талаар Ройтерс агентлаг онцолсон байна.