5-р сарын 26-ны шөнө манай улс “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 100.620 тун Файзер вакцин хүлээн авсан байна. Засгийн газрын хуралдаанаар хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Харин хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Хэрэв энэ вакцинд хамрагдаж амжаагүй бол Файзер вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой болжээ.
Түүнчлэн засгийн газрын хуралдаанаар хилээ 6-р сарын 1-ээс нээхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ хилийн чанадаас ирж байгаа монгол иргэдийг вакцинд хамрагдсан байх эсэх талаар шаардлага тавихгүй. Харин аль улсаас ирж байгаагаас хамаараад тусгаарлах хоног нь 7-10 байх юм байна.