БНЭУ-д нэг өдөрт хамгийн багадаа “Хар мөөгөнцөр” өвчний 135 шинэ тохиолдол бүртгэгдэж байна

БНЭУ-ын 25 мужид “Хар мөөгөнцөр” гэх үхлийн аюултай өвчин дэгдээд байгаа талаар “Ройтерс” агентлаг өмнө нь мэдээлсэн. Тус улсын эрүүл мэндийн яамнаас уг өвчин дэгдсэн мужуудад онц байдал зарлах шаардлагатайг анхааруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 9 мянга гаруй хүн хар мөөгөнцөр өвчнөөр халдварлаж, үүнээс 230 хүн нь амиа алджээ. БНЭУ-ын эмч мэргэжилтнүүдийн зүгээс “Хар мөөгөнцөр” өвчнөөр өвчилсөн дийлэнх тохиолдол нь “Ковид-19”-ийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст илэрч байгааг онцолсон бөгөөд 12-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрч байгаа юм байна. Ялангуяа “Ковид-19”-ийн халдвар туссан үедээ Стериодын эм уусан болон цар тахлаар өвчлөөд эдгэсэн чихрийн шижинтэй хүмүүс энэ өвчнөөр өвчлөх эрсдэл илүү өндөр байгаа юм. Тэгвэл уг өвчлөл Энэтхэгийн баруун хэсэгт байрлах Махараштра, Гужурат мужид хамгийн их бүртгэгджээ. БНЭУ-ын эмч нар Махараштра мужид хэвтэн эмчлүүлж байгаа 201 өвчтөний мэдээллийг судалсан бөгөөд дийлэнх нь чихрийн шижингийн хүнд хэлбэрээр өвчилсөн эрэгтэй хүмүүс байсан байна. Өнөөдрийн байдлаар БНЭУ-ын 15 мужид 9 мянга орчим хүн “Хар мөөгөнцөр”-өөр халдварлаж, энэ тоо өдөр ирэх тусам хамгийн багадаа 135-аар нэмэгдэж байгаа юм. Нэн ховор төрлийн өвчинд тооцогддог хар мөөгөнцөр нь хөрс, ургамал, муудсан жимс жимсгэнэ дээр байдаг цагаан хөгцөөс үүдэлтэй бөгөөд хүнээс хүнд халдварладаггүй байна. Харин нэгэнт туссан хүний биеийн хэсгүүд дээр хар толбо гарч ирдэг тул нийт өвчтөний 80 хувьд мэс засал хийх шаардлагатай байдаг байна.