Эцэг эхийн анхаарал халамж, гэр бүлдээ зарцуулах чанартай хугацаа нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг байна. Үндэсний статистикийн хорооны 2020 онд хийсэн “Цаг ашиглалт”-ын судалгаанаас харахад нийт хүн амын 76 хувь нь өдрийн 12 цагийг хөдөлмөр эрхэлж өнгөрүүлдэг байна. Ингэхдээ, гэр бүлтэй хүмүүс хөдөлмөр эрхлэлтэд зарцуулах хугацаа нь гэрлээгүй хүмүүсийн зарцуулдгаас их байдаг тухай судалгаанд дурджээ.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ хүссэн зүйлийг авч өгөх, дуртай зүйлийг нь үзүүлэх, даалгаврыг нь хийлгэх зэргээр хажууд нь хамт байж, удаан хугацааг өнгөрүүлэхийг хүүхдэдээ цаг зарцуулж байна гэж ойлгодог. Харин гэр бүлдээ их хугацаа зарцуулахаас илүүтэй чанартай цагийг хамт өнгөрүүлэх нь чухал гэдгийг гэр бүл судлаач зөвлөж байна. Ингэхдээ хүүхдийнхээ санаа бодлыг сонсож, гараар бүтээл хийх, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зохиомжлон тоглох, гэр бүлийн хурал зохион байгуулах зэрэг нь үр дүнтэй гэдгийг хэллээ. Судлаачдын үзэж байгаагаар ихэнх эцэг эхчүүд 4-5 цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг байна. Энэ хугацааг чанартай өнгөрүүлснээр хүүхэд өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшдөг байна.