Мексик улсад дахин нэг нэр дэвшигч бусдын гарт амиа алджээ

Төв Мексикийн Гуанахуато мужийн Моролеон хотын захирагчид нэр дэвшсэн Алма Барагган гудамжаар иргэдтэй уулзаж, сурталчилгааны хуудас тарааж явахдаа үл таних зэвсэгт этгээдүүдэд буудуулжээ. Тэрбээр иргэдийн хөдөлгөөн намаас нэр дэвшсэн бөгөөд түүний намаас аль хэдийн 2 нэр дэвшигч бусдын гарт амиа алдаад байгаа юм байна. Энэ жилийн сонгуулийн үйл ажиллагаа өнгөрөгч оны 11-р сараас эхэлсэн ч өнөөдрийн байдлаар 34 нэр дэвшигч, улс төрчдийг оролцуулбал 88 хүн гэмт этгээдүүдийн гарт амиа алджээ. Харин гэмт этгээдүүдийн сүрдүүлгийн улмаас 60 гаруй улс төрч сонгуульд өрсөлдөхөөс татгалзан, нэрээ татаад байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулийн үеэр алагдсан улс төрчдийн тоо 2018 оны сонгуулийн үеийнхээс 44 хувиар өссөн тухай “Integralia” улс төрийн зөвлөх фирмээс мэдээлсэн байна. Түүнчлэн тус фирмээс “Нийтдээ 150 нэр дэвшигч гэмт этгээдүүдийн сүрдүүлгийн дараа засгийн газраасаа хамгаалалт хүссэн” гэж мэдээлжээ. Мексик улсад хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд өөр өөрийн бүс нутагт нөлөөгөө тогтоохын тулд өөрийн хүмүүсийг нэр дэвшүүлж, тэдэнтэй өрсөлдөж байгаа хүмүүсийг нэрээ татахыг шаардаж сүрдүүлэх, зөвшөөрөөгүй нэгнийг нь шууд устгах арга хэмжээ авдаг байна. Ирэх зургаадугаар сард болох сонгуулиар конгрессын доод танхимын гишүүд, 15 мужийн захирагч, хотын захирагчид, хууль тогтоогчид гээд нийтдээ 20 мянга орчим албан тушаалд суух хүмүүс сонгогдох юм.