“Ковид-19”-ийн халдварын хөл хорионы дараах эдийн засгийн “их сэргэлт” санаачлагын үр дүнд Монголбанкны хар жагсаалтад байгаа иргэн ААН-үүдийн мэдээллийг арилгах болсныг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Монголбанкны зээллийн мэдээллийн санд байгаа иргэн, ААН-ийн талаарх тоон мэдээллийг хүргье.
- Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр Монголбанкны зээлийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 65.105 иргэний нийт 879 тэрбум төгрөгийн зээл, 2428 аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна.
- УИХ болон Монголбанкны удирдлагууд зөвшилцөж 72 мянган иргэн болон 100-аас доош сая төгрөгийн зээлтэй ААН-ийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлэхээр болсон байна. Ингэснээр эдгээр иргэн, ААН банкнаас дахин шинэ зээл авах боломжтой болж байгаа юм.
- Энэ удаагийн авч байгаа арга хэмжээ анхных биш юм. Төв банк 2017 онд 25.621 иргэний, 2018 онд 55.255 иргэний, нийтдээ 80.876 иргэний зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлж байжээ.
- Монголбанкны хар жагсаалтыг 1997 оноос эхлүүлсэн бөгөөд хар жагсаалтанд орж байсан эсэх нь арилжааны банкуудын зээл өгөхдөө анхаардаг гол шалгуур үзүүлэлт юм.
Иргэн, аж ахуй нэгж арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон үүрэн холбооны операторуудаас авсан зээлээ гэрээний цаг хугацаанд төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад ордог. Хар жагсаалтад орсон бол зээлээ төлж барагдуулснаас хойш зургаан жилийн дараа зээлийн мэдээллийн түүх нь устгагддаг байна. МҮХАҮТ-ын санаачлагаар УИХ-аас үзүүлэх болсон энэ удаагийн өршөөлд 2015 оноос хойш хар жагсаалтад орсон, зээлээ төлж барагдуулсан иргэн ААН-үүд хамрагдах юм байна. Одоогоор Монголбанканд энэ шийдвэрийн талаар нарийн чиглэл ирээгүй байгаа учраас тодорхой тоон мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм. Хар жагсаалтаас гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүд дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байна гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлж байсан юм.