Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохируулан бэлэг сонгох  нь чухал

Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар хүүхдийн бэлгэнд ихэвчлэн амттан сонгодог бөгөөд нэг уут бэлгэнд ойролцоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүн агуулагддаг байна. Энэ нь 30 гаруй халбага сахартай дүйцдэг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүүхэд өдөрт 5-8 гр сахар хэрэглэх хязгаартай юм. Тиймээс амттан чихэр гэхээс илүүтэй хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бэлэг сонгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Нэг хүртэлх насны хүүхдэд сонирхлыг нь татахуйц олон өнгийн тоглоом бэлэглэх боломжтой бол 1-3 насны хүүхдийн хувьд орчин тойронтойгоо танилцаж байдаг учраас гэр бүлээрээ тоглож болохуйц  тоглоом сонгохыг зөвлөлөө. Харин 4-6 насны хүүхдэд задлах, холбох, эвлүүлэх боломжтой тоглоом, түүнээс дээш насны хүүхдэд өөрсдийн санал бодлыг нь сонсож ухаалаг сонголт хийхийг мэргэжлийн байгууллагаас уриаллаа. Мөн эцэг эхчүүд бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдалд хяналт тавих нь чухал юм.