АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2022 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг өнгөрөгч баасан гарагт танилцууллаа. 622 их наяд ам. доллароор хэмжигдэж байгаа энэхүү төсвийн төсөл нь дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш АНУ-ын засгийн газрын танилцуулсан хамгийн өндөр зардалтай төсөвт тооцогдож байгаа юм. Уг төсөлд ажил эрхлэлт, гэр бүлийг дэмжих гэсэн хоёр гол хөтөлбөр багтсан бөгөөд үүнд боловсрол, судалгаа, эрүүл мэндийн салбарт хамаатай хөрөнгө оруулалтыг тусгасан байна. Америкийн эрх баригчид мөн корпорацуудын болон хүн амын хамгийн чинээлэг давхаргын татварыг 21-ээс 28 хувь хүртэл нэмэгдүүлэхийг санал болгож байгаа юм. Түүнчлэн эмийн үнийг бууруулж, эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхийг ерөнхийлөгч Жо Байдены зүгээс конгрессийн танхимд уриалжээ.
Мөн дэд бүтцийг шинэчлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах хөрөнгийг багтаасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 2.3 их наяд доллар гаргахаар тусгасан байна. Боловсролын тогтолцоог сайжруулах, хүүхэдтэй иргэдийн татварыг бууруулах зорилготой гэр бүлийг дэмжих хөтөлбөрт дахин 1.8 их наяд ам. долларын санхүүжилт олгох бол эрүүл мэндийн салбарт учирч болзошгүй хямралтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэхэд 8.7 тэрбум доллар гаргахаар тусгажээ. АНУ-ын засаг захиргаа тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дараагийн 10 жилд төсвийн алдагдал 2 их наяд гаруй доллароор буурна гэж үзэж байна.