Европын эмийн агентлаг “Пфайзер-Бионтех” компанийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

Европын эмийн агентлаг АНУ-ын “’Пфайзер”, ХБНГУ-ын “Бионтех” компанийн хамтран гарган авсан вакциныг өсвөр насны 2260 хүүхдэд тарьж, эмнэлзүйн судалгаа хийсний үндсэн дээр зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр Европын холбооны орнууд өсвөр насны хүүхдүүдийг дархлаажуулах боломж бүрдэж эхэлсэн бөгөөд ирэх сарын 7-оос эхлэн 12-16 насны хүүхдүүд вакцинд хамрагдах боломжтой болно гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгджээ. Өсвөр насны хүүхдүүдийн вакцинжуулалтын хурд одоо байгаа нөөц тунгаас хамаарах бөгөөд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг Германы Канцлер онцолсон байна. Тэрбээр Германы нийт хүн амын 41.5 хувь нь буюу 35 сая хүн вакцины эхний тунг, 13 сая буюу 15.7 хувь нь хоёр тунг бүрэн хийлгээд байна гэж мэдэгджээ. Одоогоор АНУ, Канад улс ч мөн “Пфайзер-Бионтех” компанийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг олгож, дархлаажуулалтыг  эхлүүлээд байна.