Өчигдөр засгийн газрын хуралдаанаар хүүхдийн эрхийг хангахтай холбогдуулан цогц шийдвэрийг гаргалаа. Эх хүүхдийн чиглэлээр гаргасан шийдвэрт, сүүлийн жилүүдэд тордож, их засвар оруулаагүй гэгдэх эх нялхас буюу эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүрэн засвар хийх төсвийг улсын төсөвт тусгуулах чиглэлийг сангийн сайдад өгчээ. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эхчүүд амарждаг “Хүрээ” амаржих газрын барилга байгууламжийг өргөтгөх, бүрэн засвар хийх төсвийг батлуулахыг үүрэг болгосон байна. Харин хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийн талаар гаргасан шийдвэрт, үндэсний соёл амралтын хүрээлэн, найрамдал зуслангийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, найрамдал зусланд бүрэн засвар хийхээр төлөвлөжээ. Мөн өмнө нь хүүхдэд зориулан байгуулсан ч одоо хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг дахин сэргээж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зориулалтын байдлаар ашиглаахаар болж байгаа юм байна.
