Монгол улсаас гадаадын 30 улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд 44 салбар комисс хилийн чанад дахь сонгогчдын санал авах ажиллагааг 5-р сарын 30,31-нд зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 сонгогч саналаа өгсөн байна. Санал авах ажиллагаа 5-р сарын 31-ний өдөр тухайн салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хотын салбар комисст Улаанбаатарын цагаар 6-р сарын 1-ний 13:00 цагт өндөрлөсөн байна. Манай улсын иргэд олноор суурьшсан Сөүл хотод 753 сонгогч буюу нийт саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 70 хувь, Токио хотод бүртгүүлсэн иргэдийн 94 хувь буюу 533 сонгогч саналаа өгөөд байна. Харин Австралийн нийслэл Канберра хотод 532 сонгогч буюу бүртгүүлсэн иргэдийн 68 хувь нь саналаа өгсөн байна. Сонгогчдын саналын хуудсыг олон улсын буухиа шуудангаар хугацаанд нь татаж авах ажлыг үргэлжлүүлж байна. СЕХ 6-р сарын 9-ний 22 цагт санал тоолох төхөөрөмжид уншуулна. Сонгуулийн урьдчилсан бүртгэл хийлгэх, биеэр очиж саналаа өгөх зэргээс шалтгаалж саналаа өгөх нөхцөл бүрдэхгүй байгаад хилийн чанадад суугаа иргэд шүүмжлэлтэй хандаж байсан. Харин дараа дараагийн сонгуулиар гадаад дахь иргэдийн саналыг цахимаар болон шуудангаар авах нөхцөлийг судлан ажиллаж байна гэлээ.