Сүүлийн хоёр жилийн хугацаанд “ковид-19” цар тахлаас өөр өвчний асуудал манай улсад бараг сөхөгдөхөө больсон. Учир нь манай улсад өмнө нь бүртгэгддэг байсан өвчин эмгэгүүд өнөө ч иргэдийн дунд байгаа хэдий ч асуудал хөшигний цаана дарагдаж өнгөрөөд байгаа юм. Тэгвэл хүн амын дунд зонхилон тохиолддог сүрьеэ өвчний асуудлыг өнөөдрийн хөтөлбөрөөр онцолж байна. Сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар манай улсын 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж байна. Гэвч дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн тооцооллоор жил бүр сүрьеэгийн 12.000 шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн гуравны нэг буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байгаа юм байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ебс-д голомтлон бүртгэгдэж, гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс 2021 оны 2-4 дүгээр улиралд багтаан улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймаг, нээлттэй болон хаалттай 23 хорих ангийн сүрьеэгээр өвчилсөн эрсдэлт бүлгийн болон аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагч, ЕБС-ийн багш ажилтан, сурагч гээд нийт 130.403 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулахаар болжээ. Нийслэлийн дугаар хорооны ЕБС-ийн багш сүрьеэгээр өвчилж, ангийнхаа хүүхдүүдэд халдварлуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл одоогоос 2 жилийн өмнө анхаарал татаж байв. Өөрөөр хэлбэл сүрьеэ өвчин ахуйн хүрээнд халдварлахаас гадна эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд иргэд хайхрамжгүй ханддаг гэдгийг нэгэн жишээ юм. Тоон мэдээллээр 2020 онд нийт 58,046 иргэнийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж 294 тохиолдлыг илрүүлсэн. Энэ нь 2019 онтой харьцуулахад 3.7 дахин буурсан, тиймээс улсын хэмжээнд эрсдэлтэй иргэдийг эрт илрүүлэгт хамруулах үзлэг энэ оны 2-4 дүгээр улиралд зохион байгуулагдана.
