Дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэрийн “JBS” компани цахим халдлагад өртжээ

Дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэрийн “JBS” компанийн компьютерын сүлжээг хакердсаны улмаас Австрали, Канад, Ану дахь салбар компаниудынх нь үйл ажиллагаа саатахад хүрээд байна. Дэлхий даяар нийт 150 мянга орчим ажилтантай тус компанийн үйл ажиллагаа саатсанаар махны хомстол бий болохоос гадна үнэ нь өсөж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Дээрх асуудалтай холбоотойгоор цагаан ордон мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд Оху-д төвтэй цахим гэмт хэргийн бүлэг буруутай байх магадлалтай гэж үзжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер “Оху-д байрладаг гэмт хэргийн бүлэг вирусийн программ ашиглан ийм халдлага үйлдсэн” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд холбооны мөрдөх товчоо болсон хэргийг шалгаж байна гэжээ. Харин компанийн удирдлагууд Ану дахь 5 үйлдвэрийн системийг бүхэлд нь унтрааж, хэр их хэмжээний мэдээлэл алдсанаа тодруулах ажлыг эхлүүлсэн байна. Дэлхийн хамгийн том мах нийлүүлэгч компани болох “JBS” нь 15 улсад 150 гаруй үйлдвэртэй бөгөөд анх 1953 онд Бразилын Фермер Хосе Батиста Собриньо тус компанийг байгуулж байжээ. Ану-ын үхрийн махны нийлүүлэлтийн 25 хувь, гахайн махны 20 хувь орчмыг “JBS” компани дангаараа хангадаг байна.