АНУ-ын Наса агентлаг Сугар гараг руу судалгааны аппарат илгээнэ

АНУ-ын сансар судлалын Nasa агентлаг 2028-2030 оны үед Сугар гараг руу 2 судалгааны аппарат илгээхээр болсноо мэдэгджээ. Тус агентлаг сүүлийн 30 гаруй жилийн турш уг гарагийг судлах талаар ямар нэг алхам хийгээгүй байсан бөгөөд сугар гарагийн судалгаанд нийт 500 сая ам. Доллар төсөвлөсөн байна. Сугар гараг яагаад хэт халуун болсныг судлах зорилготой 2 судалгааны аппаратын нэг нь болох давинчи аппарат нь сугар гарагийн агаар мандлын бүтэц, үүслийг судлах юм байна. Харин веритас нэртэй хоёр дахь аппарат нь сансрын тойрог замаас сугар гарагийн гадаргын зургийг буулгаж, геологийн түүхийг нь тодорхойлох зорилготой юм. Энэхүү төсөлд ХБНГУ-ын сансар судлаачид хэт улаан туяаны газрын зураг бүтээгч багажаар хамтрах бол Итали, Францын эрдэмтэд радарын техник нийлүүлж оролцохоор болжээ. АНУ-ын наса агентлаг хамгийн сүүлд 1990 онд “Магеллан” нэртэй судалгааны аппаратыг Сугар гараг руу илгээж байжээ.