Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн өвчилж байна

“Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авахаас 90 гаруй хувиар хамгаалагдаж байгаагаас гадна халдвар авсан тохиолдолд вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн өвчилж байгааг АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн шинэ судалгаа харуулжээ. Энэхүү судалгаанд эмнэлгийн ажилтнууд, яаралтай тусламж үзүүлдэг болон тэргүүн фронтод ажиллаж байгаа 3900 гаруй хүнийг оролцуулсан байна. Одоогийн байдлаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн 5 хувь нь “Ковид-19”- ийн халдвар авсан бөгөөд өвчилсөн 204 хүний ердөө 16 нь цар тахлын эсрэг вакцин хийлгэсэн байжээ. Судалгааны үр дүнг эрүүл мэндийн шинжлэх ухааны “Медрексив” цахим хуудсанд нийтлээд байгаа ч олон улсын судлаачид хараахан үнэлгээ хийгээгүй байгаагаас гадна анагаах ухааны сэтгүүлд нийтлээгүй байна. Энэхүү судалгаа нь Матрицын Рибонуклейн хүчил дээр суурилсан вакцин үр дүнтэйгээс гадна “Ковид-19”-ийн халдварт өвчнөөс ихэнх тохиолдолд хамгаална гэдгийг харуулж байна хэмээн АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валенски мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс хөнгөн болоод богино хугацаанд өвчилж, бусдад халдвар тараах эрсдэл нь буурах боломжтой байгааг харууллаа гэж мэдэгдсэн байна. Судалгаанд хамрагдсан ажилтнууд АНУ, ХБНГУ-ын “Пфайзер-Бионтех” компани аль эсвэл АНУ-ын “Модерна” компанийн хоёр тунт вакцин хийлгэж, өнгөрөгч 12 дугаар сараас хойш цар тахлын шинж тэмдэг илэрсэн эсэхийг үл харгалзан долоо хоног тутам шинжилгээ өгч байжээ. “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины нэг юм уу хоёр тунг хийлгэснээсээ хойш халдвар авсан цөөн тооны хүмүүсийн хувьд бие дэх вирус нь 40 хувиар бага байснаас гадна халуурах шинж тэмдэг илрэх нь 58 хувиар бага байжээ. Мөн вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн орондоо хэвтсэн хугацааг “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин хийлгээгүй өвчтөнүүдийнхтэй харьцуулахад хоёр хоногоор цөөн байсан гэсэн дүгнэлт гарсан байна.