Хонь, үхрийн ястай мах 9000-15.000 төгрөг, цул мах 11.000-16.000 төгрөгөөр худалдаалагдаж байна

Жил бүрийн өдийд махны үнэ буурч, зуны саруудад үнэ тогтворжих хандлагатай болдог. Гэвч цар тахлын нөхцөл байдал болоод БНХАУ руу ченжүүд мах ихээр экспортолж байгаатай холбогдуулан махны нийлүүлэлт тодорхой хэмжээгээр мууджээ. Зах худалдааны төвүүд дэх хонь, үхрийн ястай мах 9-15 мянган төгрөг, цул мах 11-16 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ хэрээр иргэдийн худалдан авалт ч татарч, иргэд өдөрт дунджаар 3-4 кг мах худалдан авах тохиолдол нийтлэг байна.

Одоогоос 4 жилийн өмнө буюу 2017 оны 5-р сарын байдлаар үхрийн ястай 1 кг мах дунджаар 8230 төгрөгөөр худалдаалагдаж, 6, 7-р сард махны үнэ буурч байсан статистик мэдээлэл байна. Тухайн үед хонины ястай мах 6700 төгрөгөөр худалдаалагдаж байжээ. Гэвч 60 сая малтай манай улсын хувьд 2019 оноос эхлэн махны үнэ тэнгэрт хадаж, 10 мянган төгрөгөөс давж эхэлсэн. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж, махны үнэ байж болох хамгийн дээд цэгтээ хүрээд байна.

Харин нийслэлийн хүнсний томоохон зах, худалдааны төвд савласан нэг кг дээд зэргийн гурилын үнэ 1500-1600 төгрөг байгаа бол 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Хоёр жилийн өмнө 20 мянган төгрөгөөр иргэд 5 кг будаа, 1 литр ургамлын тос, 5 кг гурил авчихдаг байсан бол энэ мөнгө өнөөдрийн байдлаар ердөө 5 кг будааны үнэ болсон нь бараа бүтээгдэхүүний үнэд ихээхэн өөрчлөлт орсныг харуулж байна. Харин төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна.