Шинэ Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ

Ирэх зургаан жилд төрийг тэргүүлэх  Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр нь “Баялагтаа эзэн Монгол” болоход чиглэж байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн 4 жил нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд төдийлөн хангалттай бус хугацаа гэж үзсэн тул үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шинэ Ерөнхийлөгчид 6 жилийн хугацаа олгож байгаа. Тиймээс ч бүрэн эрхийнхээ энэ хугацаанд шинэ Ерөнхийлөгчийг ихийг хийж бүтээнэ гэсэн өндөр хүлээлт ард иргэдийн дунд байгаа юм. 

Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр ирэх 6 жилийн хугацаанд хэрэгжих юм. Тэгвэл энэ хугацаанд тэрээр хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг таслах, төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүнд нийгмийн тодорхой бүлэгт давуу тал олгодог байдлыг таслан зогсооно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрх зүйн орчныг бий болгоно гэжээ.  Түүнчлэн шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлгаж, шударга бусын хонгилыг нураах бодлогыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан байна. Гэх мэтчилэн эдгээр заалтууд нь эрх барьж байгаа намын бодлого, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа засгийн газрын мөрийн хөтөлбөртэй төсөөтэй байгаа нь ирэх жилүүдэд хөгжлийн бодлого нэг байж, илүү нэгнээ дэмжсэн шинжтэй байх болов уу гэсэн хүлээлт байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх хумигдсан. Мөн дагалдах хууль буюу үүхийн хуулиар шүүх эрх мэдэлд Ерөнхийлөгч илүү эрх мэдэлтэй байсныг бууруулж, Ерөнхийлөгч Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны томилгоонд оролцохгүй юм. Харин Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон бүх шатны шүүгчийг томилох эрх нь үлдсэн юм.

У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгасан голлох асуудал нь Оюутолгойн гэрээг үр өгөөжтэй байлгах зорилгоор Дубайн гэрээг хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд сэргээн байгуулах ажлыг дэмжинэ. Халамжаас хөдөлмөрт бодлого хэрэгжүүлж, иргэдийн ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх талаар засгийн газарт чиглэл өгнө гэжээ. Онцолж буй эдгээр ажлуудыг хэрхэн хэрэгжүүлж, биеллээ олохыг ирэх 6 жилийн хугацаанд харах л үлдэж байна.