“Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал манай улсад өдрөөс өдөрт муудаж байна. Сүүлийн 7 хоногт “Ковид-19”-ийн халдварын 10.818 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд өдөрт бүртгэгдсэн тоог 1 сая хүн амтай харьцуулсан дүнгээр Ази тивдээ 3-рт, Дэлхийд 7-рт эрэмбэлэгдэж байна.
“Ковид-19”-ийн халдвар манай улсад анх 2020 оны 11 сарын 11-нд бүртгэгдэж байсан. Тэгвэл
- 11, 12, 1-р саруудад өдөрт 4-10 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2-р сарын 14-нд 58 тохиолдол, 3-р сарын 14-н гэхэд нэмэгдсээр 128 тохиолдол бүртгэгдэж байжээ.
- Өнгөрөгч 4-р сард халдварын тоо огцом өсөж хоногт 1200 гаруй тохиолдол бүртгэгдсэнээр 28 хоногийн хөл хорио тогтоож байлаа.
- Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улс урт, богино хэмжээний нийт 5 удаагийн хөл хорио тогтоож байсан нь хамгийн сүүлд 5-р сарын 8 хүртэл үргэлжилсэн юм. Харин одоогоос сарын өмнө буюу 5-р сарын 14-нд халдварын тохиолдлын тоо буурч 515 болоод байсан юм.
- Тэгвэл өнөөдөр манай улсад нэг хоногт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо оргил үедээ буюу 2386-т хүрч, халдвар 21 аймаг, ихэнх сумд хүртэл бүх нэгжид тархаад байна.
Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 2386 тохиолдлын дийлэнх нь буюу 1675 нь нийслэлд бүртгэгдсэн. Гэвч нийслэлийн вакцины насны хүн амын 100.8 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 88 хувь нь 2 тунд бүрэн хамрагдчихаад байгаа юм. Харин сүүлийн нэг сард Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ерөнхийлөгчийн шагнал гардуулах ёслолын өдрүүд, оюутны төгсөлтийн баярууд мөн бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд болж өнгөрсөн нь халдварын тохиолдол 4 дахин нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг иргэд хэлж байна. Тиймээс иргэд цаашид олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. Түүнчлэн үүсээд байгаа цар тахлын хүнд нөхцөл байдлыг бодитоор харж, цаг алдалгүй дараа дараагийн арга хэмжээг авах хэрэгтэй байна гэдгийг олон нийт хэлсээр байна. Гэвч вакцинд хамрагдалт өндөр хувьтай байгаа ч халдвар нэмэгдсээр байгааг ЭМЯ-аас хэлсэн.
Тэгвэл улсын онцгой комисс өчигдөр хуралдаж цаашид хөл хорихыг урьтал болгохгүй хатуу хяналт тавьж ажиллана гэж шийдвэрлэсэн байна. Халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж наадам хийх үгүйг шийдвэрлэнэ. Хариу арга хэмжээг эрчимжүүлнэ гэж үзжээ.