АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод өнгөрсөн 2020 оны тавдугаар сард өнгөт арьст иргэн Жорж Флойд цагаан арьст цагдаагийн ажилтны гарт амиа алдсан юм. Тэгвэл өнгөт арьст залуугийн амиа алдах мөчийг дүрс бичлэгт буулган үлдээсэн өсвөр насны охинд Пулитцерийн шагналыг гардуулжээ. Пулитцерийн хорооноос гаргасан мэдэгдэлд 18 настай Дарнелла Фрейзер охины эр зоригийг үнэлэн энэхүү шагналыг гардуулж байна гэж дурджээ. Түүний хийсэн дүрс бичлэг дэлхий даяар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөх эхлэл болсноос гадна Миннеаполис хотын цагдаагийн ажилтан асан Дерек Шовины хэргийг шүүх хурлын үеэр нотлох баримтын үүрэг гүйцэтгэсэн юм.
Мөн цаг алдалгүй АНУ дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаарх нийтлэлүүд гаргасан “Ройтерс” агентлаг, “Миннеаполис стар” сонин, “Нью-йорк таймс” сонин, “Ковид-19” цар тахлын тухай мэдээ мэдээллийг хүргэснээрээ “Атлантик” сэтгүүл тус тус шагнал хүртжээ. Пулитцер нь 1917 оноос хойш олгогдож байгаа АНУ-ын сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал бөгөөд энэхүү салбарынхаа “Оскар” -ын шагнал гэж нэрлэгддэг байна.