ХӨСҮТ-өөс вакцины үр дүнд буюу дархлаажсан иргэдэд эсрэг биет үүссэн эсэхийг судлахад вакцин халдвараас 80-90 хувь хамгаалж байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-0.6 хувь нь халдвар авсан гэсэн үр дүн гарчээ. Гэсэн хэдий ч халдварын нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч, “Ковид-19”-өөр халдварлах иргэдийн тоо 2000 гаруйд хүрээд байгаа нь тайвшрах болоогүй гэдгийг харуулж байна. Цар тахалтай бүтэн нэг жил хагасын хугацаанд тэмцэж байгаа дэлхий дахины тухайд “Ковид-19” халдварын эсрэг вакцин гол итгэл найдвар болоод байна. Тиймдээ ч дархлаажуулалтыг эрчимжүүлж, манай улс иргэдээ вакцинд хамруулах хурдаараа дэлхийд эхний 10-т орж байгаа гэх мэдээлэл ч бий. Харамсалтай нь иргэд вакцин хийлгэсэн ч хийлгээгүй ч “Ковид-19”-өөр халдварлаж, өвдөх эсэх нь цаг хугацааны асуудал болж, вакцинд итгэх итгэл ч буурсан. Тэгвэл ХӨСҮТ-өөс 4 төрлийн вакцинд хамрагдсан 900 хүнд эсрэг биет хэрхэн үүссэн эсэхэд түүвэр судалгаанд хамруулахад Астразенека, Файзер, Спутник, Синофарм тариулсан хүмүүсийг амь насны эрсдлээс 88-100 хувь хамгаалж байна. Харин халдвараас 80-90 хувь хамгаалж байна гэжээ. Гэхдээ бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-0.6 хувь нь халдвар авсан бөгөөд 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн. 9 хувь нь хүндэвтэр өвдсөн гэсэн үр дүн гарчээ.
Гэвч 5-р сарын эхээр намжиж байсан халдварын нөхцөл байдал өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгаас бусад аймагт эрчимжиж, орон нутагт нэг өдрийн дотор 700 тохиолдол бүртгэгдэж байгаа нь тайвшрах болоогүй гэдгийг харуулж байна. Гэтэл нэг сар хүрэхгүй хугацааны дараа манай улс ардын хувьсгалын 100 жилийн ойгоо үзэгчтэйгээр зохион байгуулах боломжтой гэж нэг бус удаа мэдэгдсэн. Гэтэл халдвар авч байгаа 10 хүн тутмын 9 нь бүрэн вакцингүй, харин вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-0.6 хувь нь халдвар авч байгаа энэ үед нөхцөл байдал дээрдэхгүй тохиолдолд баяр наадмыг хойшлуулж болно, эсвэл цуцалж болно гэх асуудлыг УОК-ын дарга С.Амарсайхан онцлоод байгаа юм.