Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас Сэлбэ, Туул голын усны түвшин эрс нэмэгдэн үеэрлээд байна. Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан нийт 1098 өрх, аж ахуйн нэгж байдаг байна. Тэгвэл үерийн далан, усанд автах эрсдэлтэй газар байрласан иргэд, ААН-үүдэд үерийн аюултай бүсээс нүүж газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ.
Зун бүр бороо их орох, уулсын цас хайлах зэргээс үүдэн Сэлбэ, Туул голын усны түвшин нэмэгдэж улмаар нийслэлийн зарим дүүргийн нутаг дэвсгэр үерт автаж, зам талбай, айл өрхийн хашаа, байшин усаар дүүрч эрсдэлд ордог. Харин энэ жилийн тухайд нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн үерийн хамгаалалтын бүсэд буусан нийт 1098 өрх, аан үерийн усанд автаж болзошгүй нөхцөлд байрлаж байна.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратеги төслийн судалгаанд дурдаснаар нийслэлийн хэмжээнд үерийн аюулд өртөх магадлалтай 211 мянга орчим хүн 42,5 мянган объект байна гэжээ. Ялангуяа ХУД, СХД-ийн газар нутаг үерийн аюулд өртөх эрсдэл өндөртэй байдаг байна. Тиймээс энэ жилээс эхлэн иргэдийг үерийн эрсдэлээс хамгаалах, зорилгоор Улаанбаатар хотын үерийн далан ашиглалт, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр жил бүрийн хавар, зун үерийн усанд автахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм байна. Мөн иргэдийг үерийн усанд автах эрсдэлтэй газар буухгүй байхыг нийслэлийн захирагчийн албанаас уриаллаа.