Израил улс ан амьтны арьс, үс худалдаалахыг хориглолоо

Израил улс зургаадугаар сарын 9-ны өдөр хувцас үйлдвэрлэлийн зорилгоор ан амьтны арьс, үс худалдаалахыг хориглосон түүхэн шийдвэр гаргажээ. Тус хоригийг зургаан сарын дараагаас хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлэх юм байна. Тус саналыг амьтны эрхийн байгууллага гаргаж, иргэдийнх нь 86 хувийн дэмжлэг авч чадсан бөгөөд идэвхтнүүд амьтны арьс үсийг ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг 2009 оноос хойш дэмжин сурталчилжээ. Израилийн байгаль орчны сайдын мэдэгдэлд “Үслэг эдлэлийн салбар дэлхий даяар хэдэн зуун сая амьтныг үхэлд хүргэж, амьтдад үгээр хэлэхийн аргагүй харгислал, зовлон авчирч байна. Амьтны үс, арьс ширийг хэрэглэх нь ёс суртахуунгүй хийгээд хэрээс хэтэрсэн явдал юм” гэж дурдсан байна. Жил бүр 100 сая амьтан үслэг эдлэлийн үйлдвэрт амиа алддаг бөгөөд амьтны үслэг эдлэл, арьс ширийг хориглосноор Израилийн загварын зах зээл байгаль орчинд илүү ээлтэй болно гэж эрх баригчид найдаж байгаа юм. Шинэ хуулийн дагуу амьтны үсийг зөвхөн шашин, шинжлэх ухаан болон боловсрол, танин мэдэхүйн зорилгоор ашиглаж болох юм байна. Израилийн хэвлэл мэдээллийн байгууллагаас уг хуулийн цоорхойг ашиглан үслэг эдлэлийн худалдаа наймаа хийж болзошгүйг сануулсаар байна. Ийнхүү Израил улс амьтдын эрхийг хамгаалах ажилд томоохон дэвшил гаргаж харин дэлхийн бусад улс оронд уг тэмцэлд аажмаар нэгдэхийг уриалжээ.