Далайн ёроолд хаясан нэг удаагийн бээлий, амны хаалтны тоо аюултай түвшинд хүрчээ

Дэлхий даяар “Ковид-19” цар тахлын улмаас нэг удаагийн амны хаалт, бээлийн хэрэглээ өмнөх жилүүдээс огцом нэмэгдэв. Цар тахал тархсан энэ хэцүү цаг үед хүн төрөлхтөн сард 129 тэрбум амны хаалтыг далай тэнгис, хүрээлэн буй орчиндоо хаядаг байна. Олон улсын "Далайн хамгаалалт" байгууллагын судалгаагаар хүн төрөлхтөн тус тооны нэг удаагийн амны хаалтаас гадна сар бүр 65 тэрбум бээлийг хүрээлэн буй орчиндоо хаядаг байна. Одоогийн байдлаар дэлхийн хүн амыг 7,8 тэрбум гэж тооцвол нэг хүн сард 17 амны хаалт, 9 ширхэг нэг удаагийн бээлий хаяж байна гэсэн үг юм. Харин Их Британид амьдарч байгаа хүн бүр нэг ширхэг амны хаалт өдөр болгон ашиглавал өдөрт 57 мянган тонн хаягдал үүсч, далай тэнгисийн 66 мянган тонн усыг бохирдуулна гэсэн тооцоолол гараад байна. Түүнчлэн жилд дунджаар далай тэнгис рүү 8 сая тонн хуванцар хог хаягдал хаягддаг гэх тооцоо гарчээ. Үүнээс үүдэн далай тэнгис дэх бичил хуванцрын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр гарсныг Их Британийн Манчестерийн их сургуулийн далай судлаачид мэдээлсэн байна. Газар дундын тэнгист явуулсан судалгаагаар тэнгисийн ёроол дахь нэг шоо дөрвөлжин метр тутамд 1.9 сая бичил хуванцар агуулагдаж байна гэх тоо баримт гарчээ. Хуванцар нь усанд задралгүйгээр хэдэн зуун жилийн турш бичил хэсгүүд болон тархдаг байна. Үүнээс зөвхөн нүдэнд харагдах төдий буюу далайн усанд хөвөн гарч ирсэн, эсвэл эрэг рүү түрэгдсэн хог хаягдлууд нь нийт хог хаягдлын нэг хувь гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Харин үлдсэн 99 хувь нь хаана агуулагддаг нь нарийвчлан тогтоогдоогүй байгаа ч далайн амьтад тодорхой хэсгийг нь залгидаг бол харин үлдсэн хэсэг нь далайн ёроолд тунан үлддэг гэсэн таамаглал байгаа юм. Хүний хаяж буй амны хаалт, хуванцар бээлий нь далайн амьтан ургамлын амьдрах орчинг бохирдуулсаар байгаа нь харамсалтай. Гэхдээ хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлаа зориулалтын хогийн саванд хаяж чадвал, 100 мянга гаруй амьтныг мөхлөөс аврах боломжтой юм. Мөн энэ байдлаараа байвал 2034 он гэхэд далай тэнгис рүү хаядаг хуванцар хаягдлын тоо 640 сая тоннд хүрэн магадлалтайг Их Британийн далай судлаачид анхааруулжээ.