Жил ирэх тусам дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа хувцасны тоо олширч, тэр хээрээрээ хог болон хаягдаж байна. Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар дэлхий дээр нэг секундэд ойролцоогоор 2625 кг хувцас хэрэггүй болж шатаагддаг байна. Тиймээс дэлхий нийтээр хувцас үйлдвэрлэлээс шалтгаалж байгаа сөрөг үр нөлөөг бууруулахын тулд өмсөхөө больсон хувцасаа солилцох, цэвэрхэн өмссөн хувцасаа зарах, худалдан авах хандлага түгээмэл болоод байна.
Нэг женсин өмд хийхэд ойролцоогоор 10 мянган литр ус, харин нэг ноосон цамц хийхэд 2700 литр орчим ус зарцуулдаг байна. Мөн хувцас үйлдвэрлэлийн салбар дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн 10 гаруй хувийг ялгаруулдаг байна. Энэ мэтчилэн бидний өмсдөг хувцасыг бүтээхэд түүхий эд, эрчим хүчний зардал, боловсруулалт, тээвэрлэлтээс ялгарах хүлэмжийн хий, усны хэрэглээ, хөрс, ус, агаарын бохирдол болон хог хаягдал гээд асар их асуудлыг бий болгодог. Үүнээс шалтгаалсан усны хомсдол, хүлэмжийн хий зэрэг хортой нөлөө асар их юм. Тэгвэл хүмүүст байгаль, орчин хүрээлэн буй орчноо хайрлах хандлагыг түгээхээр хэсэг залуучууд нэгджээ. Тэд залуучуудыг байгаль эх дэлхийдээ ээлтэй байх хэрэгтэйг өөрсдийн хийж байгаа ажлаараа дамжуулж ойлгуулахыг хүссэн байна.