Шумуулаар дамжин хүний биед орсон шимэгч аль нэг эрхтэнд байршин  шимэгчилж 4-14 жил болдог

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур ихтэй байгаа нь  шумуул амьдрах таатай орчинг бүрдүүлж байна. Манай оронд гурван төрлийн хор хөнөөл ихтэй шумуул байдаг бөгөөд  зарим тохиолдолд шимэгч шумуулын  шүлсээр дамжиж хүний биед  орж  шимэгчилж 4-14 жил болдог байна. Шумуул нь хүн, мал амьтанд олон аюулт өвчнийг тарааж байдаг бөгөөд  цус сорох үед хошуугаар нь дамжаад шүлстэй нь хамт зарим төрлийн бактери, нян, шимэгч зэрэг эмгэг төрүүлэгчид хүний биед нэвтрэн орж олон аюулт өвчнөөр өвчлүүлдэг байна. Шумуулаар дамжин хүний биед орсон вирус, шимэгчийн тоо эмгэг төрүүлэх чанараас нь хамаараад хүнд илрэх өвчний шинж тэмдэг харилцан адилгүй ч өндөр хэмээр халуурах нийтлэг шинж илэрнэ. Ихэнх тохиолдолд ил шинж тэмдэггүйгээр далдуур хүнийг өвчлүүлдэг учраас хэдэн жилийн дараа өвчний шинж тэмдэг маш хүчтэй илэрч хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад үхэлд хүрэх аюултай юм байна. Тийм болохоор шумууланд хазуулаад улайж, хавдаад, загтнахаас өөр зүйл илрээгүй гээд тайвширч болохгүй гол нь шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлэх нь чухал юм. Шумуулаар дамждаг нян, шимэгчийн халдвар ихэвчлэн халуун оронд гардаг боловч дамжуулагч шумуулын төрлүүд нь манай орны ихэнх газруудад тархсан байдаг. Мал, амьтанд шумуулаар дамждаг өвчнүүд сүүлийн жилүүдэд оншлогдож байна.Үүнээс баруун бүсийн аймагт голомттой байгаа зэрэг нь хүнд халдвар дамжих , өвчлөх эрсдэл маш их байгаа юм байна.