“Ковид-19”-өөр халдварлаад эдгэрсэн 2 хүн тутмын нэгд нь Ковидын дараах хам шинж үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар манай улсад “Ковид-19”-ийн халдвараар өвчлөөд эдгэрсэн 70 орчим мянган хүн байна. Вирусын цочмог халдварын 2-3 долоо хоногийн эмчилгээний дараа эдгэрсэн гэж үзэж байгаа ч хүнд хэлбэрээр өвдсөн иргэдэд зовиур ихэвчлэн үргэлжилж байгаа юм байна. Үүнийг дэлхий дахинд “Post Covid Syndrome” буюу Ковидын дараах хам шинж гэж нэрлэж байгаа бөгөөд өвчлөөд эдгэсэн 2 хүн тутмын нэгд нь тус хам шинж илэрч байгаа нь олон улсын судалгаагаар батлагдаад байна.

“Ковид-19”-ийн халдвараар өвчлөөд эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэж 4 ангилдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл энэ нь өвчилсөн иргэдийн уушгинд үзүүлсэн өөрчлөлтөөр нь ангилсан хэмжээс юм байна. Уушигны 25 хувь гэмтсэн үед хүндэвтэр, 50 хувь нь гэмтсэн бол хүнд, 50-иас дээш хувь нь гэмтсэн бол маш хүнд хэлбэрээр өвдсөн гэж үзэж байна. Тиймээс ялангуяа хүндэвтэр хүнд өвчлөөд эдгэсэн хүмүүс ядрах, ханиах, толгой өвдөх болон бусад шинж тэмдгүүд үргэлжилсээр байвал харъяа дүүрэг бусад уушигны мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хяналтад хамрагдахыг эмч зөвлөлөө.

Манай улсад халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүс эмчийн хяналтад орж эмчилгээ хийлгэх нь нэмэгдэж байгаа бөгөөд уушги сэргэх үр дүн тодорхой хэмжээнд гарсаар байгаа юм. Тус халдвараар гэмтсэн уушиг 100 хувь сэргэх эсэх нь одоогоор дэлхий дахинд ч судлагдаж дуусаагүй байна. Харин иргэд өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эмийн сангуудаар зарагддаг уушиг дэмжих цай зэрэг эмийн ургамлаар хийсэн цайнуудыг урьдчилан сэргийлэх, дэмжих зорилгоор хэрэглэж болно. Гэхдээ энэ нь шинж тэмдэгтэй Ковидын дараах хам шинжийн эмчилгээ биш гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна.