Ажилтанд ээлтэй болон эрсдэлтэй хэд хэдэн чухал заалт хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагджээ

Манай улсад үйлчилж байгаа хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Тэгвэл энэ удаа манай улс хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн найруулж, эцсийн хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Хуулийн төсөл УИХ-ын чуулганаар батлагдвал 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм. Хөдөлмөрийн харилцаанд тэгш шударга байдал бий болгох хангуулах зорилготой хөдөлмөрийн тухай хууль нь нөгөө талаар ажил олгогч, ажилтны бүтээсэн хамтын баялгийг шударга хуваарилах, хуваан хүртэх харилцааг зохицуулах ёстой гэж хэлж болно. Ажилтныг ажилд авах, тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх зэрэг олон эрх ажил олгогчид байдаг. Хөдөлмөрийн тухай хууль нь үүнтэй дүйцэх хэмжээнд ажилтны эрхийг хангуулах зорилготой.

Шинэчилсэн найруулгад албан бус салбар буюу зах худалдааны салбар, туслах малчдын хөдөлмөрийн хуулийн орчинг сайжруулах, тодорхой стандарт дүрэм журамтай болгох заалтууд тусгагдсан. Гэхдээ үүнээс олон зохицуулалт оруулахаар тусгасан ч төдийлөн дэмжигдээгүйг үйлдвэрчний эвлэлээс хэлж байна. Түүнчлэн, тус хуулинд ажилтанд эрсдэлтэй санаа зовоосон зүйл заалтууд ч олон байгаа гэлээ. Ажилтан ажилд орохоос эхлээд албан байгууллагатай байгуулж байгаа бүх гэрээнд анхааралтай хандаж, байгууллагаас хамруулж байгаа аливаа сургалт хөтөлбөрт ямар үүрэг хариуцлага үүрч хамрагдаж байна вэ гэдгээ мэдэж шийдвэрлэх хэрэгтэй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ-ын гишүүд хэрхэн оролцож, хэн аль зүйл заалтыг унагаж, дэмжиж байгаад дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд хууль батлагдсаны дараа тойргийн сонгогчдод нь тайлагнан мэдээлэх юм байна.