ӨЭМТ-үүд гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлснийхээ дараа ЭМДЕГ-аас санхүүжилт авна

Ойрын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр тусгаарлагдсан иргэдэд “Цар тахлын эсрэг эмчилгээний багц эм” олгож байгаа талаарх мэдээлэл олон нийтийн анхаарал татаад байгаа. Учир нь “Ковид-19” халдварын улмаас эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүйд хүрч, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг өнгөрөгч 3-р сараас эхлэн гэрт нь тусгаарлаж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд “Ковид-19”-өөр халдварласан нэг хүний эмчилгээнд төрөөс 70.000 төгрөгийн санхүүжилт хийж байгаа юм байна. Энэ санхүүжилтэд өрхийн эмнэлэг, эмч, сувилагчийн хамгаалах хувцас хэрэглэл, ариутгалын бодис, өвчтөнд үзүүлж буй тусламж үйлчилгээний хөлс зэрэг багтсан байна. Мөн нэг өвчтөнд 7-10 хоног уух С, D витамин, тан, вирусний эсрэг эм зэрэг бүтээгдэхүүнийг багтаажээ. Гэхдээ энэ багцыг тусгаарлагдсан иргэн бүрд олгох санхүүжилт өрхийн эмнэлгүүдэд байхгүй тул зөвхөн шаардлагатай иргэдэд эмийн багцыг олгож байгаа юм байна. Тэгвэл энэ сарын 18-ны байдлаар өрхийн эрүүл мэндийн 85 төвд нийт 12.040 хүний гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийн 70 хувийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлсэн гэж мэдээлж байна. 

Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа гомдол саналын тодорхой хувь нь өрхийн эмнэлгээс олгож байгаа “70.000 төгрөгийн багц” буюу ЭМДЕГ-аас өрхийн эмнэлгүүдэд 1 хүний 70 мянган төгрөгөөр тооцож олгож байгаа санхүүжилттэй холбоотой асуудал байна. Тэгвэл эрүүл мэндийн сайд, сангийн сайдын хамтарсан тушаалаар Ковид-ын үеийн тусламж үйлчилгээний төсвийг баталж, 3-р сарын 1-ээс анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг 70 мянган төгрөгөөр тооцож олгохоор болсон. Гэхдээ энэ нь тусгаарлагдан эмчлэгдэж байгаа нэг иргэнд зориулсан багц эм биш, харин өрхийн эмнэлгүүдэд 1 хүнээр тооцож олгож байгаа санхүүжилт юм байна. Иргэд албан журмаар болон сайн дураар эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэхдээ ЭМД-аас хүн бүр өөрт хэрэгцээтэй үйлчилгээ авч чаддаггүй бөгөөд сэтгэл дундуур байдаг гэвэл хилсдэхгүй. Тиймээс цар тахлын энэ үед иргэдийг ялгаварлаж, эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлэлгүйгээр цар тахлын эсрэг эм, үйлчилгээг багцын үйлчилгээнд шилжүүлэх шаардлагатай байна.