Бэлчээрийн чиглэлээр 8 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар манай улсын нийт элчээрийн 67 хувь нь доройтсон нь тогтоогдсон. Гэхдээ энэ доройтсон талбайн 90 хувь нь байгалийн жамаар нөхөн сэргээгдэх боломжтой байжээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжүүлж, бэлчээр талхлагдалтын дараах 20 сая га талбайг сум, орон нутаг 80 мянган малчин өрхийн тусламжтайгаар сэргээсэн байна. 2000-аад оны үед манай улс 34 сая толгой малтай байсан бол 20-оод жилийн хугацаанд малын тоо толгой 2 дахин нэмэгдэж, энэ хэрээр нийт бэлчээрийн гуравны хоёр хувь нь доройтсон нөхцөл байдалтай болсон. Өөрөөр хэлбэл 112.2 сая га бэлчээрийн талбайгаас 33 хувь нь бэлчээрийн малд хүрэлцээ багатай гэх үзүүлэлт бий. Тиймээс Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хүрээнд 17 жилийн хугацаанд нүүдлийн мал аж ахуйн технологи боловсруулж, мөн 18 аймгийн 180 сумын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын дундын бэлчээртэй болгож, малчид бэлчээр ашиглах гэрээ байгуулдаг болжээ. Энэ онд манай улс малын тоо толгойн албан татвартай болсон учраас малчид бэлчээр ашиглахтай холбогдуулан татвар төлдөг болсон. Мөн газрын багц хуулийн шинэчлэлээр бэлчээр ашиглахтай холбоотой зохицуулалт хийх талаар тусгаад байгаа юм байна.
