Монгол улс шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог. Хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны сарын хэрэглээ 38-40 мянган тонн байдаг бөгөөд өнгөрсөн 7-р сард 46.6 мянган тонн АИ-92 шатахууны таталт хийсэн бол 8-р сард 46.3 мянган тонн АИ-92 шатахууны таталт хийжээ тэгвэл 8-р сард ОХУ-ын Роснефт компанийн Ангарскийн нефт химийн үйлдвэр засвартай байгаа учраас 9-р сард 17 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдээлсэн. Үүнээс 7.4 мянган тонныг нь нийлүүлсэн бөгөөд үлдсэнийг нийлүүлэх боломжгүй гэжээ. Энэ нь манай улсын 7 хоногийн хэрэглээ юм байна. Албаныхан Улаанбаатар хотод 5000 тонн буюу 4 хоногийн АИ-92 шатахууны нөөцтэй байгааг хэлсэн. Тэгвэл одоогийн байдлаар жолооч нар шатахуун авахаар урт дараалалд зогссон хэвээр байна. Шатахуун түгээх станцууд 20 мянган төгрөгт шатахуун олгож байна. Тэгвэл ердийн үед Хятад улсаас 10-14 хоногт ирдэг шатахууныг хомсдол үүссэн учраас 5-7 хоногт татан авах хүсэлтэй нот бичгийг Бээжин дэх Монгол улсын Элчин Сайдын Яам Хятадын засгийн газарт хүргүүлжээ.
