АНУ Афганистан улсаас өөрсдийн цэргийн хүчээ татсанаас хойш Афганистан улс дахь Исламын улс бүлэглэлийн хүч нөлөө эргэн сэргэж эхэлжээ. “Талибан” хөдөлгөөн “Исламын улс” бүлэглэл аль аль нь Исламын шашны Суннит урсгалыг баригчид, Ану тэргүүтэй барууны орнуудын эсрэг ижил үзэл сурталтай боловч зорилгын хувьд өөр гэж судлаачид үздэг байна. Энэ сарын 19-нд Исламын улс бүлэглэлийн гишүүд Афганистан улсын зүүн бүс нутагт гар аргаар хийсэн бөмбөг дэлбэлж нийт найман хүний амь эрсэдсэн тухай “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн ажилтан мэдээлжээ. Мөн Афганистаны Жалалабад хотод мягмар гарагт дахин 3 удаагийн дэлбэрэлт үйлдсэнийг дурдсан байна. “Талибан” хөдөлгөөн Афганистан улсын засгийн эрхийг гартаа авснаас хойш Исламын улс бүлэглэл ийнхүү анх удаагаа зэвсэгт халдлага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Афганистан дахь Исламын улс бүлэглэлийн толгойлогч нь Пакистан улсын иргэн гэдгийг Талибан хөдөлгөөн олж тогтоожээ. Талибан хөдөлгөөн нь Исламын шашны хатуу урсгалыг баримталдаг бусад орны алан хядагч болон жижиг бүлэглэлүүдийг өөрсдийн эгнээнд нэгтгэх ажлыг эхлүүлсэн гэдгийг ОУ-ын шинжээчид мэдэгдээд байсан. Үүнтэй холбоотойгоор Афганистан улсын жирийн иргэд Талибан хөдөлгөөнд итгэх итгэл суларч, цаашлаад тус улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй бол Исламын улс бүлэглэл Афганистан улс дахь нөлөө улам нэмэгдэх аюултай байгааг мөн дурджээ.
